Говийн бүсийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо
Хуралдааны өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Сайдын зөвлөх С.Ламбаа, П.Цэцэгмаа, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Салбарын хяналтын газрын дарга Мөнхтогтох, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ын захирал Л.Отгонцэцэг болон бусад удирдлагуудын хамтаар салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Галба-Өөш-Долоодын Сав газарт ажиллах үеэр сайд С.Одонтуяа тус аймагт цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаарын бохирдлын нөлөөллийг хэмжих олон улсын лаборатори байгуулах шийдвэр гарсныг дуулгаж, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг, чиглэл болголоо.
Харин хуралдаанд байгаль орчны салбарын Говийн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан албан хаагчид оролцсон. Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд НОГООН эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан.
Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг өнөөдрийн “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол шийдвэр гаргах юм.