Уул уурхайн ААН-үүдийн байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа


 
Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалтыг 2024.12.13-нд зохион байгууллаа. 
 
 

Сургалтыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай байгууллагаас Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 23 аж ахуйн нэгжийн хөрс, усанд судалгаа шинжилгээ хийж, тайлан, зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ судалгааны үр дүнд үндэслэн өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Цаашид уул уурхайн сургалтыг танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулна” гэдгийг дурдав.
 

Сургалтын чиглүүлэгчээр БОСШТ-ийн ҮТҮБСА-ны дарга Г.Пагмадулам ажиллаж буй бөгөөд цахимаар Төв аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 21 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
 

Сургалтын зочин илтгэгчээр биологийн ухааны доктор, ургамал судлаач Д.Суран, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Инженер, дизайн технологийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Чанцалням, Биологич, байгаль орчны ерөнхий аудитор Д.Ариунболд нар оролцож, уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар илтгэл тавьж байгаа бол Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас "Хариуцлагатай уул уурхайн кодекс"-ийг танилцуулав.
 

Мөн “Монполимент” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн дарга Т.Октябрь Төв аймагт хийсэн нөхөн сэргээлтийн сайн туршлагаа танилцуулж, БОСШТ-ийн менежер Т.Болорчимэг БНСУ-ын хаагдсан уурхайн нөхөн сэргээлтийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM