БНСУ-ын “KOMIR” байгууллагаас БОСШТ-тэй хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөлөл, нөхөн сэргээлт”-ийн сургалт зохион байгууллаа
БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар “KOMIR”-ийн гүйцэтгэх захирал Чон СонҮ өнөөдөр /2024.10.16/ БОУАӨЯ, БОСШТ-ийн албан хаагчдад “Уул уурхайн сөрөг нөлөөлөл, нөхөн сэргээлтийн тухай ойлголт менежментийн суурь арга барил” сэдвээр сургалт хийж, мэдээлэл өглөө.
Тус сургалтаар хөрсний суулт, хотойлт, хөрсний бохирдлын нөхөн сэргээлт, “KOMIR” байгууллагын Монголд хийж, хэрэгжүүлсэн ажил гэсэн гурван сэдвээр мэдээлэл өглөө. “Монгол Улс биологийн болон техникийн нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарч байна. Нүдэнд харагдах нөхөн сэргээлт чухал ч хөрс, усны нөхөн сэргээлт хийх цаг нь болсон” гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.
Мөн “KOMIR”-оос 2024-2029 онд Налайх дүүргийн хаагдсан уурхайн бүсэд нөхөн сэргээлтийн томоохон төсөл хэрэгжүүлнэ. Тус төслийн хүрээнд нийт 10 га талбайд хөрсний нөхөн сэргээлт хийж, жишиг агропарк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд төслийн хэрэгжүүлэлтэд БОУАӨЯ болон БОСШТ чухал оролцоотойг Чон СонҮ гүйцэтгэх захирал хэлж, БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг хамтран ажиллахаа илэрхийллээ.