БНХАУ-ЫН ЭХ ДЭЛХИЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа БОСШТөв нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эх дэлхий, байгаль орчны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг Ши-Ань хотод 2024 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр байгууллаа. Санамж бичгийг БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг, хүрээлэнг төлөөлж професор Лью Жи нар гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлэв.
Санамж бичигт талууд экологи, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, өндөр технологийн шинжилгээ судалгаа хийх боловсон хүчнийг чадавхжуулах, туршлага судлах зэрэгт хамтран ажиллах талаар онцлон тэмдэглэлээ.
Эх дэлхий, байгаль орчны хүрээлэн нь 1958 онд байгуулагдсан бөгөөд 1000 гаруй судлаач эрдэмтэдтэй, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн харьяа агаарын бохирдлын судалгааны лабораториудыг ажиллуулдаг томоохон судалгаа шинжилгээний байгууллага юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хөрс, байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг 10, 50, 100 жилийн таамаг судалгааг хийсэн бөгөөд олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран, дэлхийн 57 улсад уур амьсгалын өөрчлөлтийн хөрсний судалгааны цэгийг байршуулж судалгаа шинжилгээний төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсыг судалгаанд хамруулж, төслийг БОСШТ-тэй хамтран хэрэгжүүлэх санал хүргүүллээ.